-МОНГОЛЫН ЭРХ МЭДЭЛТЭЙ, ТОЛГОЙ БАЯЧУУД ТУУЛЫГ БҮХЭЛД НЬ АВЧ, ЖИРИЙН ИРГЭД ТУУЛ ГОЛ ДЭЭРЭЭ ОЧИЖ ЧАДАХГҮЙД ХҮРСЭН БАЙНА-

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн гүүрнээс Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны дээд эх хүртэлх Туул голын эрэг даган хэдэн өдөр явж, сурвалжлага бэлтгэлээ. Үнэндээ жирийн иргэд бид Туул гол руу шууд яваад орох ямар ч боломжгүй болжээ. Голын эрэг дагаад битүү төмөр хашаа татсан байлаа. Нэг хашаа дуусахад дараагийн хашааг яг залгуулаад барьчихсан байх аж. Мөн Туул голын эргийг тэгшилж, шороо овоолж нягтаршуулаад хөл гишгэх зайгүй орон сууцны барилга, хаус, худалдааны газар, баар, ресторан барьжээ. Шуудхан хэлэхэд, Алтан тэвшийн хөндий хэмээн нэрлэгдэх болсон Туул гол Монголын хэдхэн эрх мэдэл, өндөр албан тушаалтай толгой баячуудын мэдэлд очжээ.

Сайд Г.Мөнхбаярын гэгдээд байгаа “Элеганс” хотхоны барилга

САЙД Г.МӨНХБАЯР ТУУЛ ГОЛЫН ЭРЭГДЭЭР НАРАН ШАРЛАГЫН ГАЗАРТАЙ, ХОТХОН БАРЬЖ БАЙНА

Сонсголонгийн гүүрний хажууханд “Тулгат өргөө” компанийн захиалгаар “Хас дөл” компанийн гүйцэтгэж байгаа “Элеганс” тансаг зэрэглэлийн хотхоны барилгууд дүнхийн харагдах ажээ. Хотхоны барилгыг голын эрэг дээр яг тулгаад барьчихсан байх юм. Зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнээр борлогдох “Элеганс” тансаг зэрэглэлийн хотхоны цонхоор Туул гол мэлтэлзэж, шугуйнх нь бургас алган дээр тавьчихсан мэт ойрхон харагдахаар цэлгэр цонхтойгоор зохион байгуулалтыг нь хийсэн байна. Ирэх хавар гэхэд барилгын ажил бүрэн дуусч, ашиглалтад орох юм гэнэ. Зурагчинтайгаа хамт баригдаж байгаа барилгын тэр хавиар хэсэг явж үзлээ. Туул гол руу орох газар битгий хэл нүх сүв үнэндээ байсангүй. Аргаа бараад барилга манаж байгаа харуул хамгаалалтын залуутай уулзлаа. “Энэ хавиар Туул гол руу орох газар байна уу. Танай компанийн хашаа тулчихаад гол руу орж болохгүй юм” хэмээн асуулаа. Тэгсэн өөдөөс гайхсан байдалтайгаар харж байснаа “Та нар энэ хавиар Туул гол руу орно гэж байхгүй. Хүний хувийн эзэмшилд шууд халдсан болно. Уг нь манай хашаагаар дамжаад орж болдог юм. Гэхдээ та нарыг бид оруулж болохгүй. Дарга нарт толгойгоо хяргуулна. Төв цэвэрлэх байгууламжийн доод талаас орж болно. Эсвэл Яармагийн гүүрний тэр хавиас ордог газар байгаа” хэмээн гараараа занган зааж өгөв. Туул гол руу тулгаад баригдсан “Элеганс” хотхоны газрыг хэдэн жилийн өмнө дуудлага худалдаанд оролцож, хоёр тэрбум төгрөгөөр авсан гэнэ. Голынхоо эрэг дээр наран шарлагын газартай, “Элеганс” цогцолбор нь 1080 айлын орон сууц, 145 айлын хаус, орчин үеийн төлөвлөлттэй 150 хүүхдийн цэцэрлэг, 350 хүүхдийн сургууль, үйлчилгээний төв бүхий томоохон хороолол байхаар төлөвлөгдсөн байна. Үүнд, 15 давхар барилга хоёр ширхэг, 12 давхар барилга 15 ширхэг, нийт 17 блок бүхий 1080 айлын орон сууц нь бүрэн цутгамал хийцтэй байх гэнэ.Дээрх барилгын цаад эзэн нь хотын Засаг дарга асан, одоо Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр гэдгийг албаны эх сурвалж онцолж байлаа. Эндээс эхлээд л голоо өгсөөд баячууд Туулыг эзэгнэж байна. Сонсголонгийн гүүрнээс доош Туул голыг арьс, ширний үйлдвэрүүд бохирдуулдаг. Мөн Төв цэвэрлэх байгууламжийн бохиртой холилдон урсдаг болохоор тоож газар авах хүн байхгүй. Харин түүнээс дээших тунгалаг ус урссан Туул голын хөвөөг хэдхэн хүн эзэмшиж байна.

Сайд асан Р.Бурмаагийн дүүгийнх нь уурын зуух, Туул голын эрэг дээр барилга барих гэж байгаа газар

Р.БУРМАА САЙДЫН ДҮҮ БОГИНЫН АМЫГ ТЭРЧИГТ НЬ ЭЗЭМШИЖ, ТУУЛ ГОЛЫН ЭРЭГ ДЭЭР БАРИЛГА БАРИХ ГЭЖ БАЙНА

Туул голоо өгсөөд явлаа. Яармагийн гүүр өнгөрч, Богинын ам арай хүрэлгүй шинээр тавигдсан хурдны замын хажууханд дунд оврын уурын зуух баригдсан байлаа. Туул голоос 30 метр хүрэхгүй зайтай юм. Мөн голын өндөрлөсөн эргийн шороог тэгшилж, дээрээс нь шороо нэмж асгаад газрыг нь тэгшилжээ. Энэ газрын эзэн нь нийслэлчүүд өвлийн улиралд олон жилийн турш гулгадаг байсан Богинын амыг бүхэлд нь авчихаад байгаа Р.Бадрал гэгч гэнэ. Р.Бадрал нь УИХ-ын гишүүн, сайд асан Р.Бурмаагийн төрсөн дүү юм байна. Өндөр настай иргэдийн тарьсан 200 гаруй модыг бүгдийг нь сүйдэлж барилга барьсан байдаг. Богинын амны газрыг Р.Бадрал дамлан наймаалдаг талаар нэгэн эх сурвалж бидэнд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Сайд асан Р.Бурмаагийн дүү Богинын аманд эзэн суугаад хэдэн жил болж байна. Бүхэл бүтэн 30 га газар нэг хүний мэдэлд очсон байдаг. Ямар замаар энэ амыг бүхэлд нь авсан нь тодорхойгүй байна. Нэлээд мөнгөтэй компаниудад “Та нар энд барилга бариад өгвөл би газраа өгнө” гэж наймаа хийдэг гэсэн. Ардчилсан намын ахмад гишүүдийн суулгасан модыг бүгдийг нь сүйтгэж, газар дээр нь барилга барьсныг нь харж байгаа биз дээ” гэв.


“Бөхбат” компани Туул голын эрэг дээр хотхон барьжээ

ЗАЙСАНГИЙН ГҮҮРНЭЭС МАРШАЛЫН ГҮҮР ХҮРТЭЛХ ТУУЛ ГОЛЫН ХОЙД ЭРГИЙГ ЭЗЭМШИГЧ “СТАНДАРТ ГРУПП”

Туул голын ай сав газарт 30 гаруй айл тог цахилгаангүй амьдарч байна. Дээрх айлуудад газрын гэрчилгээ, хаягжуулалт огт хийгдээгүй байна. Тэр битгий хэл цахилгаангүй гурван жил болж байгаа аж. Ингээд голоо өгсөж явсаар Зайсангийн гүүрний баруун талд хүрээд ирэв. Зайсангийн аманд барилга барьж, газрын маргаанаас болж оршин суугчидтай тэмцэлдэж байсан “Бөхбат” компанийн барьсан орон сууцны хотхон яг Туул голын эрэг дээр тулаад сүндэрлэжээ. Хэдэн жилийн өмнө баригдаж дуусаад, хэдийнэ иргэд худалдаж аваад дууссан байв. Ингээд зогсохгүй Зайсангийн гүүрнээс эхлээд Туул голын хойд эрэг дагуу битүү барилга, орон сууц баригдсан байна лээ. Мөн л голын эрэг рүү хүн очих ямар ч боломжгүй. Өндөр зэрэглэлийн харуул хамгаалалттай. Хэрэв гадны хүн орох бол хотхоны хашаагаар дамжих шаардлагатай болно. Гэхдээ харуул хамгаалалтын ажилтнууд хаашаа, хэн гэдэг айл руу орох гэж байгааг камерын тусламжтайгаар бүрэн хяналтдаа байлгадаг. Хэрэв Туул голын эрэг рүү шууд явах юм бол хамгаалалтын ажилтнууд барьж аваад цагдаа дуудаад өгчихнө. Цагдаа нар бусдын хувийн өмчид халдсан гэх үндэслэлээр саатуулан шалгаад голын эрэг орж салхилах биш шоронгийн хаалга татах дээрээ тулна. Голын хойд талын эргийг тэр чигт нь эзэмшиж, хөл гишгэх зайгүй хотхон барьсан дөрвөн компани байдаг. Эрүүгийн цагдаа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Богдхан уулын захиргаа, Туул голын сав газрын захиргаа зэрэг байгууллагууд нийлээд ч дийлдэхээ байсан “Стандарт групп”-ийн барилгууд энд сүндэрлэнэ. Зайсангийн гүүрнээс Маршалын гүүр хүртэл дээрх группийн газар бий.

Нийслэлийн Засаг даргын 1997 оны есдүгээр сарын 20-ны өдрийн А/183 дугаар захирамжаар “Найман нуур” компанид анх Хан-Уул дүүргийн I хорооны нутагт Их тэнгэрийн амны гүүрний баруун талд амралт, зугаалгын зориулалтаар зургаан га газрыг эзэмшүүлсэн байна. Энэхүү газрыг “Стандарт групп”-д шилжүүлэх шийдвэрийг 2001 онд тухайн үеийн нийслэлийн Засаг дарга гаргаж байсан аж. “Стандарт групп” газраа зориулалтаар нь ашиглалгүй хадгалж байгаад 2004 онд дахин томруулсан гэнэ. Нийслэлийн Засаг даргын 2004 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 360 дугаар захирамжаар зургаан га газрын хэмжээг 90034 ам метрээр нэмэгдүүлсэн байдаг аж. Энэ мэт явсаар 23.3 га болгосон байна. Анх амралт, зугаалгын зориулалтаар эзэмшүүлсэн газар орон сууц, үйлчилгээний зориулалтынх болж хувирчээ. 15 жилийн хугацаатай энэхүү гэрчилгээг тухайн үеийн хотын дарга Ц.Батбаяр олгосон байдаг аж. “Стандарт групп” өөрийн охин компани болох “Могулимбиз”, “Жививентури”, “Идэр-Интернэшнл” –ийн нэр дээр газраа хуваан эзэмшүүлэх болжээ. “Стандарт групп”-ийн барилгын үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудаас гурван ч удаа зогсоож, акт тавьсан байна. Туул голын эргийн бургасыг огтолж, дээр нь барилга барьсан гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллага тогтоож, Эрүүгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байдаг. Гэвч хууль хэрэгжиж “чадалгүй” барилгууд сүндэрлэжээ. “Стандарт групп”-ийн захирал нь Д.Батаа гэж хүн байдаг гэнэ. Энэ хүний ард талд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр байдаг гэх мэдээллийг хэд хэдэн эх сурвалж өгч байсан юм.

МОНГОЛЫН ТОЛГОЙ БАЯЧУУД ХУУЛЬ ЗӨРЧИН ТУУЛ ГОЛЫГ ЭЗЭГНЭЖ БАЙНА

“Номин Констракшн Девелопмент групп” ХХК-тай “River Garden” төсөл хамтран Богдхан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд үзэсгэлэнт байгаль дунд нийт 7.5 га газарт 360 айлын экстерьер, интерьерийн өвөрмөц шийдэлтэй таун хаус, пент хаус, 6-15 давхар орон сууцны барилга барьжээ. Мөн “Маршал таун” хотхон, Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн “Хүннү хурд” хотхоны барилгууд энд сүндэрлэнэ. Эдгээр хотхон бүгд Туул голын эрэг дээр хууль зөрчин баригдсан гэдгийг хууль хяналтынхан мэднэ.

Мөн Туул голын урд талын эрэг дээр Зайсангийн гүүрний зүүн талд бурхантай хөшөөний эсрэг талд Монголын топ компанийн нэг болох MCS группийн “Bel­la vista” гэх тансаг хотхон сүндэрлэнэ. Туул голын онцгой болоод энгийн бүсээс 50, 200 метрийн зайд байх ёстой хуулийг дээр дурдсан бүх барилга, орон сууц, хотхон илтэд зөрчжээ. Усны тухай хуулийн гуравдугаар бүлгийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, “Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” хэмээн заасан байдаг. Мөн тус хуулийн 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” хэмээн тодорхой заажээ. Гэвч дээрх барилгууд эдгээр заалтыг бүгдийг зөрчсөн ч тэдэнд хэн ч хариуцлага тооцож, үйл ажиллагааг нь зогсоож дийлэлгүй өдгөөг хүрчээ. Үүнд хяналт тавьсан хууль хяналтын байгууллага гэж огт байхгүй. Монголын топ компанийн нэг болох MCS группийн “Bella vista” хотхоныг гэхэд л Туул голын эргийг шороогоор дүүргэж, тэгшилж байгаад л барьсан байдаг. Цэлгэр том цонхоор нь зуны цагт голын ус мэлтэлзэнэ. Энэ хотхонд Ерөнхийлөгч асан Н.Багабанди амьдарч, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж байр түрээсэлж, ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригт, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, БСШУ-ы сайд асан Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил нар амьдарч байгаа билээ. MCS группийн “Bella vista” гэх тансаг хотхонтой хаяа дэрлэн “Оюуны ундраа” группийн барилга сүндэрлэж, голын эргийг дагаад өндөр хашаа барьжээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Үргэлжлэл бий