2017 -оны 1 -р сарын 11
“ЗАЙСАН ТОЛГОЙН ДОМОГ”

1778 онд дөрвөн уулын дунд их хүрээ сууршсан. Үүнээс үүдэн 1800-гаад оны үед Богд хаанд бараалхах шавь отгийн захирагч нар энэ бяцхан толгойн ар өврөөр түр нутагладаг байжээ. Тиймээс захирагчдын цол хэргэмийг их хаан харгалзан үзэж тэрхүү бяцхан уулыг Зайсан толгой гэж нэрлэх болсон хэмээн зарим домогт өгүүлдэг.

Бас нэгэн домогт энэ толгой буй газар тэгш тал байжээ.

Нэг өдөр Богд хаан нарлаж байх үедээ ажиглавал одоогийн Зайсан толгой буй газар нэг жижиг дов овойсон байхыг үзэв. Үүнийг гайхсаар хоёр хоноход дов улам томорч газраас дээш ургасаар байв. Удалгүй өнөөх дов довцог болж томрох тусам Богд уулын мод бага багаар нүүдэллэн шинээр ургаж буй бяцхан уулыг чиглэн ургах болжээ.

Энэ бүхнийг харж гайхширсан Богд хаан шадар сайдуудаа цуглуулан их хуралдай зохион өнөөх довцгийн тухай ярихад нэгэн цэцэн түшмэл нь:

– Төвдийн их хувилгаад монголын модыг эх орондоо авчир хэмээн газрын хэвлийгээр нэгэн уулыг явуулжээ. Энэ уул тэндээ алдар цолгүй энгийн нэг уул аж. Иймд нэр цолд их дуртай учир алдар сууг нь өргөн цол хэргэм олговол эндээ үлдэж ч магадгүй юм гэсэнд бүгд зөвлөлдөн Зайсан хэмээх цол өгөн нутагтаа тогтоов.

Ийнхүү Зайсан толгой өндөрсөхөө ч больж уулын мод ч түүн уруу хошууран нүүхээ ч больжээ гэсэн ч домог бий. Энэ домгийг Бадам хатан тайлахдаа:

– Энэхүү домог Богд хааныг шүүмжилсэн далд утгатай юм байна. Төвдөд их олон ламтай. Тэр ч утгаараа тэндээ ямар ч нэр хүндгүй, цол хэргэмгүй лам Монголд ирээд Богд хэмээх эрхэм алдрыг хүртдэг. Энэхүү санааг ард түмэн, газар дэлхий ёгтлон ийнхүү домог гарсан буй за хэмээн ярьсан байдаг.

Энэ мэт долоон янзын домог өнөө ч гар бичмэлээр Улаанбаатарын музейд хадгалагдан үлдсэн байдаг ажээ. Харин шинэ засаг оршин тогтнох цагт Зайсан толгойд 1956 онд анхны суварга боссон байдаг. Үүний дараа Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулж 1969 онд уран бүтээлчдийн баг хоёр жил шахам ажилласнаар одоогийн сүрлэг хөшөө буй болсон түүхтэй юм байна. Тухайн үед Зайсан толгой 89 метр өндөр байсныг хөшөө бүтээгчид тэсэлгээ хийж орой дээрээс нь дөрвөн метр тайрч хаясан нь 2011 он хүртэл нууцлагдаж байгаад саяхнаас ил болжээ.

Зайсан толгой нь 300 метр урт буюу 612 гишгүүр шат, Зөвлөлтийн дайчдын 27 метр өндөр хөшөө, тулганы билэгдэл шигтгэмэл урлал, товойлгож сийлсэн одон медаль зэрэг нэгэн цаг үеийн үнэт түүхийг хадгалсан бүрэн цогцолбор болж чадсан. Үүний зэрэгцээ ХХ зууны сүүл хагаст нийслэл Улаанбаатар хотыг харах гол цэг болсон юм.

www.zindaa.mn


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

ЭРТЭЧ МОНГОЛ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА