2017 -оны 6 -р сарын 8
Боловсролын сайдаар Д.Бадарч томилогдох уу?

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийг өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар огцруулсан.

Түүнийг огцруулах саналыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ыг зорихын өмнө өөрөө оруулж ирсэн нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эрх баригчдын гаргасан хамгийн онцгой шийдвэр байлаа. Төр өөрөө хариуцлагатай байх ёстой гэсэн зарчмын үүднээс БСШУС-ын сайдыг ажлын хариуцлага алдсан, салбараа удирдлагаар хангаж чадаагүй гэсэн үндэслэлээр түүнийг огцруулах нь зөв гэж үзэж, УИХ-д оруулж ирсэн гэж Засгийн газар тайлбарлаж буй. УИХ-ын гишүүд ч Ж.Батсуурь сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзэн, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Засгийн газар нэг сайдаа явуулсан билээ. Харин одоо БСШУС-ын сайдын ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат түр хариуцаж байгаа. Өөрөөр хэлбэл, дараагийн сайд томилогдох хүртэл тэр давхар алба хашина гэсэн үг. Хамгийн гол нь Засгийн газар БСШУС-аар тогтохгүй цаашид хэд хэдэн сайдад хариуцлага тооцох ажлаа үргэлжлүүлнэ гэсэн мэдэгдэл анхаарлын төвд үлджээ.

Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдын зуны амралт эхэлсэн ч ахлах ангийн сурагчдын улсын шалгалт болон их, дээд сургуулийн элсэлт үргэлжилж байгаа хариуцлагатай үед энэ яам нь эзэнгүй удаан байж болохгүй. Тиймээс БСШУСЯ-ны дараагийн сайд хэн бэ гэдгийг олон хүн сураглаж байгаа.

МАН дотор БСШУС-ын дараагийн сайдад УИХ-ын даргын зөвлөх Т.Ганди, БСШУС-ын сайдын зөвлөх байсан Ж.Цолмон, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ц.Цогцолмаа нарын нэр яригдаж байсан. Тэд ч сайд болох хүсэлтэйгээ ил бөгөөд далдаар илэрхийлж байгаа гэдгийг Тусгаар тогтнолын ордны бор шувууд жиргэнэ лээ. Сөрөг хүчин болох АН-ын зүгээс дараагийн сайд давхар дээлтэй байж болохгүй гэдэг зарчим баримталж байгаа гэх. Тэгээд ч үнэхээр хариуцлага ярьж байгаа бол өмнөх алдаа, дутагдлаа залруулах, түүнээс илүү дээр сонголтыг хийж байж МАН-ын  онцгой шийдвэр үр дүнгээ гаргана. Тиймдээ ч МАН мэргэжлийн, чадвартай боловсон хүчний эрэлд гарч, ШУТИС-ийн багш, доктор, профессор Д.Бадарчийг дуудуулжээ. Түүнийг БСШУС-ын сайдад томилохоор яригдаж байгаа бөгөөд маргааш /2017.06.08/ болох чуулганы хуралдаанаар томилох асуудал МАН-ын удирдлагын түвшинд яригджээ.

ДЭНДЭВИЙН БАДАРЧ ГЭЖ ХЭН БЭ?

Д.Бадарч нь Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн. ОХУ-ын Свердловск, одоогийн Екатеринбург хотын Политехникийн дээд сургуулийг төгсч, ШУТИС-ийг Политехникийн дээд сургууль байхад багшаар томилогдон ажиллаж, улмаар орлогч декан, тэнхимийн эрхлэгч, төвийн захирлаар ажилласан. КТМС-ийг анх санаачлан байгуулж, захирлаар нь ажиллаж байгаад 1992 оноос Техникийн их сургуулийн ректороор сонгогдон, 2001 онд ШУТИС болгох шийдвэрийг Засгийн газраар гаргуулж байжээ.

Өдгөө ЮНЕСКО-гийн “Соёл хоорондын харилцаа” хөтөлбөрийн удирдагчаар ажиллаж байгаа бөгөөд “Евро-Арабын харилцаа”, “Бакугийн соёл хоорондын харилцааны форум”, Саудын Арабын төслийн ерөнхий зохицуулагч, “Торгоны замын зураглалын төсөл”-ийн зохицуулагч зэрэг үүрэгт ажлыг гүйцэтгэдэг аж. Мөн ЮНЕСКО-гийн Удирдлагын мэдээллийн системийг шинэчлэх зөвлөлийн гишүүн, Уур амьсгалын зөвлөлийн орлогч дарга, Дээд тушаалын ажилтан шалгаруулах зөвлөлийн гишүүний албатай. 

Д.Бадарчийн ШУТИС-д 25 жил үр бүтээл, санаачилгатай ажилласан хувь нэмрийг үнэлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард ШУТИС-ин “Хүндэт доктор”-оор өргөмжилж байжээ.

ДАРААГИЙН ДЭД САЙД 

БСШУС-ын яамны дэд сайд Ё.Отгонбаяр АНУ-д Элчин сайдаар томилогдох болсонтой холбогдуулах мөн дараагийн дэд сайд хэн болох вэ гэсэн томилгоо хүлээгдэж байгаа. Дэд сайд Ё.Отгонбаярын хувьд өмнө нь тус яамны сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан гээд олон жил төрд зүтгэсэн нэгэн.

АНУ-ыг зорих болсон дэд сайдын оронд очих хамгийн магадлал өндөртэй хүн бол Г.Ганбаяр гэгдэж байв. МАН-ын хэвлэл мэдээллийг хариуцаж буй, өмнө нь ТВ-5 телевизийн сэтгүүлч, хөтлөгч байснаараа олон нийтэд илүү танигдсан Г.Ганбаяр гэхдээ дэд сайд болохгүй гэдгээ албан бусаар илэрхийлсэн. Хэдийгээр тэдний хэн нэгнийг нь тодорхойлсон томилгоо хийгдээгүй байгаа ч хамгийн өндөр магадлалтай хүнээр намынхан нь нэрлэж байна. 

Түүнтэй хамт нэр нь яригдаж буй өөр нэг дэд сайд горилогч бол Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон.

Ш ОЮУНЧИМЭГ

http://www.news.mn/mobile/2163?isDesktop=1&night=0


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

УЛС ТӨР
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА