2017 -оны 6 -р сарын 7
Сэврэй хатныг хайрласан Хонгор баатар

Өмнөговийн алдарт Хонгорын элс хэрхэн үүссэн тухай ийм нэгэн домог бий. Эрт цагт говь нутгийн нэгэн ноён ааш муутайгаараа алдартай Сэврэй хэмээх эрх танхи хатантай байжээ. Хатныхаа ааш авирыг номхотгохын тулд түшмэлийнхээ зааснаар алс газар цөлжээ. Уурлаж бухимдсан Сэврэй хатан цэргүүдээр сахиулан алс газар явах замдаа толио шидэж орхитол толь нь олон хэсэг бутарч Толь хадыг үүсгэжээ.

Сэврэй хатан өдөр бүр гуниглаж голын эрэг дээр очоод гил хар гэзгээ самнан санааширч суудаг болжээ. Харгалзан ирсэн цэргүүд дотроос Хонгор гэдэг баатар эр хатны гуниглан суухыг өрөвдөн харсаар сэтгэл алдран дурлажээ. Хонгор баатар хайртай бүсгүйнхээ гол руу очдог зам дахь гишгэсэн газар болгоны чулууг зөөллөсөөр Хонгор хэмээх элсэн манхан болж хувирсан гэдэг.

Ааштай хэмээн адалсан ч хайрлаж дассан хатнаа санагалзсан ноёнтон Толь хаданд ирж хатныхаа царайг хардаг байсан учраас хожим уг хадны урдхан талд Ноён хэмээх уул болон хувирчээ. Олон жил өнгөрөхөд Толь хад ч сааралтан бүдгэрчээ.

ХОНГОРЫН ЭЛС: Өмнөговь аймгийн Сэврэй, Баяндалай сумдын нутагт, Сэврэй ба Зөөлөнгийн нурууны араар 180 км үргэлжилдэг элсэн манхан. Баруун хойноос зүүн урагш чиглэсэн, нийт 965 км.кв талбайтай. Хамгийн өргөн нь баруун хойд талдаа 27 км, хамгийн нарийн нь төв хэсэгтээ 800 м. Элсний орой дээр гарахад цааш хэдэн зуун манхан толгод үргэлжилнэ. Хонгорын элсний ойр хавийг бүхэлд нь харахад урдуураа хадтай уул, дундуураа ургамал ургах аргагүй элсэн манхан, хойд бэлээрээ гол урсаж ногоорсон баянбүрдтэй. Зөөлөнгийн нуруунаас буусан үерийн ус Хонгорын элсний дундуур нэвт урсаж хөрсөнд шингээд, элсний хойд захад Сэрүүн ба Арганга хэмээх булгийг үүсгэн газар дээр дахин гарч баруун тийш элснийхээ хаяагаар 10 гаруй км урсдаг бөгөөд үүнийг Хонгорын гол хэмээнэ. Салхигүй нартай өдөр алтарсан шаргал өнгөөр гялалзан харагдаж байгалийн гайхамшигт үзэсгэлэнг мэдрүүлдэг. Хонгорын элсний араар ургах заг эрт цагт өндөр шигүү байж, дотроос нь тэмээгээ олдоггүй байсан хэмээн нутгийн хөгшид хуучилдаг.

Дуут манхан: Хонгорын элсний хамгийн өндөр хэсэг бөгөөд манханы оройд гарахад ойр хавийн хүн мал, салхинд хийсэх мэт элдэв юмсын чимээ тод сонсогдож, доод бэлээр байх машин тэрэг хүртэл өчүүхэн жижиг хорхой мэт харагддаг. Элсэн дээр хэвтэхэд дүнгэнэн нисэх агаарын хөлгийн чимээ сонсогдож хаа нэгтэй онгоц нисэж буй мэт санагдана. Наранд халсан элс зөөлөн салхины аясаар хийсэн гулсахдаа гаргадаг чимээ нь ийнхүү сонсогддог тул нутгийнхан "Дуут манхан” хэмээн нэрлэжээ.

Сэврэй хатныг хайрласан Хонгор баатар

Сэврэй хатныг хайрласан Хонгор баатар


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

ЭРТЭЧ МОНГОЛ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА