2013 -оны 3 -р сарын 25
Хэн байх нь хамаагүй, хүний эрхийг нэн тэргүүнд хүндэтгэх ёстой

 

 

Нийслэлийн цагдаагийн газраас орон гэргүй, тэнэмэл амьдралтай иргэдийг орон гэртэй, ажил амьдралтай болгохоор төсөл боловсруулан, хэрэгжүүлж эхлээд байгаа. Ажлынхаа эхлэлийг тэд өнгөрсөн сарын 25-ны өдөр тавьсан. Дэнжийн мянгын "Албадан саатуулах, баривчлах төв"-д гудамжны гэх тодотголтой хүмүүсийг төвлөрүүлэн бүртгэлжүүлж, эмчийн үзлэгт хамруулан, сайхан амьдралтай болохыг хүсч буй зарим нэгийг нь төрийн бус байгууллагуудад байршуулаад байгаа. Орон гэргүй, тэнэмэл хүмүүсийг ТББ-т байршуулаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Ажлынх нь үр дүн ямар байгаа, мөн хэдэн хүн бүртгэгдсэн, тухайн хүмүүсийн эрүүл мэндийн байдал ямар байсан, ТББ-д байршаад байгаа хүмүүс ямар байгаа талаар Нийслэлийн цагдаагийн газрын хэв журам хамгаалах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч П.Эрдэнэцэцэгтэй ярилцлаа.  

 

-НЦГ-аас сайхан ажил зохион байгууллаа. Тэнэмэл амьдралаасаа гарах гээд учраа олохгүй яваа хүмүүст дэм болж, тэднийг нийгэмд нь эргэж авчирах гэж буй та бүхнийг зүтгэл үнэхээр бахархууштай. "Тэнэмэл" арга хэмжээний хүрээнд ер нь хэчнээн хүн бүртгэгдээд байна вэ?

-Нийслэлийн цагдаагийн газраас нийслэл хотод амьдарч байгаа орон гэргүй нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг нийгэмшүүлэх халдлага, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, орон гэргүй, орц , дулааны цооногоор хоног төөрүүлдэг, хог түүж, өнөө маргаашийнхаа амин зуулгыг залгуулдаг, архи согтууруулах ундаа байнга хэрэглэдэг архинд донтох өвчтэй, архаг архичин хүмүүсийг нэгдсэн бүртгэл судалгаанд хамрууллаа. Энэхүү нэгдсэн арга хэмжээ хоёр хоногийн хугацаанд зохион байгуулагдаж нийтдээ 643 хүнийг бүртгээд байна. Эдгээр хүмүүсийг ийнхүү бүртгэснээр "Цагдаагийн байгууллагад тэнэмэл иргэдийн мэдээллийн нэгдсэн сан"-тай болж байгаа юм. Мөн тэднийг ямар нэгэн халдлага, эрсдлээс урьдчилан сэргийлнэ. Өөрийн хүслээрээ, сайн дураараа энэ амьдралаасаа гарахыг хүссэн нэгэнд нь орох орон, ажиллаж амьдрах амжиргааны  эх үүсвэртэй нь залгуулж өгөх ажлыг зохион байгуулж байна. Бид одоогийн байдлаар дээрх хүмүүсээс 130-аад хүнийг гурван төрийн бус байгууллагад байршуулсан. Эдгээр хүмүүс маань бүгд л сайн дураараа тэнэмэл амьралаасаа татгалзаж бусдын нэгэн адил гэр бүл хамт олны дунд орж ажиллаж хөдөлмөрлөх хүсэл эрмэлзэлтэй хүмүүс байгаа.

 

-"Тэнэмэл" арга хэмжээний хүрээнд нийтдээ 643 хүн бүртгэгдсэн гэлээ. Нийслэлийн хэмжээнд орц траншейнар амьдардаг бүх хүмүүс бүртгэгдэж чадсан уу.

- Цагдаагийн байгууллагын бүртгэл судалгаагаар давхардсан тоогоор жилд тэнэмэл, орон гэргүй, орц хонгилоор хоног төөрүүлдэг, архаг архичин нийт 800-1200 орчим хүн байгаа тоон судалгаа байдаг. Тэгэхээр бидний энэ удаагийн цогц арга хэмжээ нь тэнэмэл, орон гэргүй иргэдийн мэдээллийн нэгдсэн сантай болж байгаагаараа ач холбогдолтой юм. Өнөөдөр орон гэргүй, орц, хонгил, дулааны цооногоор хоног төөрүүлж яваа хүмүүс угтаа бол МУ-ын иргэн. Гэвч тэднийг нийгэм анхаарал халамжиндаа авч, халдлага, эрсдэлд өртөхөөс нь хамгаалахгүй байна. Мөн эдгээр хүмүүс ямар ч бичиг баримт байхгүй, бүртгэлгүй явна. Тиймээс бид эдгээр хүмүүсийг эхний ээлжинд бүртгэлжүүлэх хэн болохыг нь тодорхой тогтоох ажлыг эхлүүлээд байна. Энэхүү арга хэмжээнд зориулж  гар, хурууны хээ уншигч багаж хэрэгслийг Солонгос улсаас захиалан авчир бүртгэлжүүлэх ажилд ашигласан. Энэхүү ажил цаашид урт хугацаагаар үргэлжлэн явагдана.  Тэгэхээр дээрх давхардсан тоо 6 сар юм уу, нэг жилийн дараа гэхэд үгүй болж үнэн зөв бодит тоо гарч ирнэ байхаа гэж бодож байна. Учир нь бүртгэгдсэн иргэдийн маань мэдээлэл "Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд орсон байгаа. Тиймээс аль ч дүүргийн цагдаагийн хэлтэс тэнэмэл хүнийг аваачаад гар, хурууны хээг нь шалгахад овог нэр, зурагтайгаа гараад ирнэ, хэрэв тухайн хүн бүртгэлд ороогүй бол шинээр бүртгээд нэмээд явах юм. Урьд нь бол СХД-т бүртгэгдсэн тэнэмэл хүн СБД, БЗД-т давхар бүртгэгдсэн байдаг байсан бол одоо энэ байдал арилж, мэдээллийн санд тухайн хүн нэг л удаа бүртгэгдэх юм. Өөрөөр хэлбэл СХД-т бүртгэгчихээд Хан-Уул дүүрэгт тэнэж яваад баригдаад цагдаагийн байгууллагад бүртгэхээр мэдээлийн санг шалгахад тухайн хүний хурууны хээгээр мэдээлэл нь гараад ирнэ гэсэн үг. Ийм тохиолдолд давхардсан бүртгэл байна гэсэн ойлголт ард хоцорч байгаа юм.

Бидний хоёр хоногийн хугацаанд зохион байгуулсан арга хэмжээнд бүх тэнэмэл иргэд хамрагдаж чадаагүй. Яагаад гэхээр тэнэмэл хүмүүс маань байнга тараншейндаа байгаад байна гэж байхгүй. Энд тэндгүй тэнэж явдаг. Бас эмнэлэгт үзүүлэх гээд ч явсан байж болно. Халамж асрамжийн төвүүдэд орон гэргүй хүмүүс бий. Тэгэхээр саяын арга хэмжээгээр нийслэлийн хэмжээнд ч юм уу, улсын хэмжээнд бүх тэнэмэл хүн хамрагдсан гэж хэлэхэд учир дутагдалтай.  Гэхдээ энэ ажил тодорхой хэмжээгээр хугацаа шаардана. Хагас жил ч юм уу, эсвэл бүтэн жилийн дараа "Цагдаагийн байгууллагын мэдээллийн сан" нилээдгүй өргөжинө. Жилийн дараа бол нийслэлийн хэмжээнд орон гэргүй, гудамж талбай, орц хонгил, траншейгаар орон гэр хийдэг хүмүүс тэд, хүүхэд тэд гэсэн тодорхой, албан ёсны тоо гарч ирнэ.

 

-Тэнэмэл иргэдийг бүртгэх, тэдэнд чиглэсэн ажил арга хэмжээнүүд өмнө байнга зохион байгуулагдаж байсан. Энэ удаагийн арга хэмжээний онцлог нь юу вэ?

Энэхүү арга хэмжээний маань бүртгэл судалгаа, тараан байршуулах ажил л зөвхөн хоёр хоногт хийгдсэн байгаа. Түүнээс биш энэ арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангахад бараг 2 сар болсон. Орон гэргүй нийгмийн эмзэг бүлгийн эдгээр иргэдийг цуглуулж бүртгээд нэг удаа халуун хоол цайгаар ундлаад явуулах биш эдгээр хүмүүст чиглэсэн тодорхой хэмжээний урт хугацааны цогц арга хэмжээг зохион байгуулах нь зүйтэй юм гэсэн үндсэн дээр Нийслэлийн цагдаагийн газраас энэхүү төслийг  тодорхой зарцуулах төсөв зардалтайгаар төлөвлөж хийгдэж байгаагаараа онцлог юм.

 

-Архины хамааралтай 20-иод хүнийг төрийн бус байгууллагад байршуулаад байгаа гэсэн. Эдгээр хүмүүсийг албадан байршуулав уу, эсвэл сайн дураараа архинаас татгалзсан хүмүүс бий юу?

- "Эрчүүд эрүүл гэр бүл" ТББ-д бид архины хамааралтай 20-иод хүнийг байршуулаад байгаа. Уг байгууллага нь  зөвхан архины хамааралтай хүмүүстэй ажилладаг. Архины албадан эмчилгээ, архины хамааралтай хүмүүст сэтгэл заслын үылчилгээ үзүүлдэг бусад байгууллагаасаа ялгаатай нь урт удаан хугацааны турш сэтгэл заслын эмчилгээ хийдэг юм. Бид архаг архичин, архинд донтох өвчтэй 20-н хүнийг гэрээгээр өгчихөөд байгаа. Онцолж хэлэхэд эдгээр хүмүүсийг албадан аваачаагүй, өөрсдөө архинаас гаръяа, энгийн сайн сайхан амьдралдаа эргэж оръё гэж хүссэн хүмүүс байгаа юм. Ерөнхийдөө 20-оод хоногт нааштай үр дүн ажиглагдаж байгаа. Хүмүүс маань архи уухгүйгээр амьдарч болж байна гэдгийг ойлгож байна.

Олон жил гудамжинд тэнээд, байнга архи, согтууруулах ундаа хэрэглээд байсан хүний биед ямар нэгэн байдлаар өөрчлөлт орсон байдаг. Янз бүрийн суурь өвчтэй болсон байгаа. Тиймээс "Эрчүүд эрүүл гэр бүл" ТББ эдгээр хүмүүстээ эмнэлгийн анхан шатны эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа.

 

- Үлдсэн хоёр төрийн бус байгууллага нь хэрхэн ажиллаж байгаа бол?

Хоёр төрийн бус байгууллага дээрээ бид хүмүүсээ хувиарлаад гэр бариад байршуулсан байгаа. Бидний барьж өгсөн гэрт очиж амьдрахаар сонголт хийсэн хүмүүс маань дийлэнх нь сайн дураараа очсон. Зарим хүмүүс энд баймааргүй байна явъя, мөн ах дүү нар нь ирж хайгаад олж очоод авсан хэд хэдэн тохиолдол гараад  байгаа юм. Гэхдээ сайн дураараа очсон хүмүүсээс буцсан тохиолдол гарын таван хураанд багтахаар цөөн.

Мөн Улаанбаатарт орон нутгаас ирээд тэнэмэл амьдралаар амьдарч байсан хүн ТББ-д байршиж байгаад нутаг буцсан. Тухайн хүн маань өөрөө орон нутагтаа буцах хүсэлт тавьсан учир бид тусалж дэмжээд нутаг буцаасан байгаа. ТББ-д байршаад байгаа хүмүүс маань 20 хоночихлоо. Энэ хугацаанд архидан согтуурсан, хоорондоо муудалцаж, янз бүрийн асуудал гаргасангүй, эдгээр хүмүүс маань бидэнтэй сэтгэл санаагаа хуваалцаж биднийг хүмүүс нохойноос дорд үзэж хөөж тууж хэн ч биднийг наашаа гэж хүн ёсоор ханддаггүй байсан та бүхэндээ их баярлаж байна гэж талархалын үг хэлэх хүмүүс ч гарч байгаад бид сэтгэл өег байгаа. Ер нь бол энд хаа хамаагүй, бие биенээ огт танихгүй, янз бүрийн ааш араншинтай хүмүүс нэг дор  цуглаад байгаа. Энд байршиж байгаа хүмүүс дотор хөгшин, залуу, эрэгтэй эмэгтэй, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй гээд янз бүрийн л хүмүүс байна. Бас эдгээр хүмүүс дотор бие давхар жирэмсэн эмэгтэйчүүд ч ганц нэгээр тогтохгүй байна.  Тиймээс төрийн бус байгууллагууд маань эдгээр иргэдийг юуны түрүүнд эмнэлэгийн үзлэгт хамруулах, эмчилгээ үйлчилгээ үзүүлэх ажлыг түлхүү  зохион байгуулж байна.

 

"Эгэл амьдралын мөр" төрийн бус байгууллага энэ ажилд ихээхэн санаачлагатай  ажиллаж байгаа. Тус байгууллагад байршиж байгаа манай 72 хүнээс 20-ыг нь ажилд оруулж, 50 хүнд нь эмнэлгийн карт нээлгэн эмчийн хяналтанд оруулж, хоёр хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байна.

 

Энэ хугацаанд ТББ-дын үйл ажиллагаа жигдэрчихлээ. Байршаад байгаа хүмүүсийн ч сэтгэл санаа өөдрөг байна.

 

-Нийслэлийн цагдаагийн газраас санаачлан зохион байгуулж байгаа уг хөтөлбөрийг хаанаас санхүүжүүлж байгаа вэ?

 - Нийслэлийн цагдаагийн газраас энэ төслийг боловсруулан НЗДТГ-т хүргэсэн. Иргэдийн төлөөлөгчидийн хурал болон, НЗДТГ-аас бидний санал санаачлагыг дэмжин санхүүжүүлж байгаа. Эдгээр хүмүүс Нийслэлийн иргэн гэдэг утгаараа нийслэлээсээ санхүүжиж, хоолтой, өмсөх хувцастай, орох оронтой болж байна. Бидний төслийн санхүүжилт  6 сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Тэгэхээр бидэнд өнөөдөр төслийн санхүүжилт дуучихвал яах вэ? гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Тиймээс бид тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэхийн тулд хамгийн түрүүнд хүмүүсээ ажилтай болгох асуудлыг тавьж байгаа. Эхнээсээ хүмүүс маань ажилтай болж байгаа болохоор ирээдүй нь гэгээлгээр харагдаж байна. Цаашид эдгээр хүмүүст чиглэсэн тодорхой цогт арга хэмжээ авах хэрэгтэй. Одоо бид нарын гэр бариад бөөнөөр нь байршуулаад байгаа явдал бол эдгээр нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн нийгмийн асуудлыг шийдэхэд дөхөм гарц болох болох  ажлын эхлэл гэж үзэж байна.  

Нийслэлд орон гэргүй тэнэмэл амьдралаар амьдарч байгаа хүмүүсийг цэгцэлж, нийгмийн халамж үйлчилгээнд хамруулах, МУ-н иргэний хувиар төр засаг өөрийнхөө халамжинд авъя гэх юм бол тоо судалгаа заавал байх ёстой.  Эдгээр хүмүүсийн төлөө нэг удаагийн үйл ажиллагаа явуулаад ерөөсөө үр дүнд хүрэхгүй.

Бид тэнэмэл амьдралаасаа салах гэсэн сэтгэл зүтгэлтэй эдгээр хүмүүсийг ямар ч гэсэн дөрвөн сар байлгана. Тэр үед бидний цаашдын хийх ажлын ерөнхий төлөв тодорхойлогдохоос гадна их бага хэмжээгээр үр дүнгээ үзүүлэх байхаа гэдэгт итгэлтэй байна.  

 

-Төслийн санхүүжилт дөрвөн сарын дараа зогсоод, цаашид санхүүжүүлэх боломжгүй болвол яах вэ? Цаашид төлөвлөсөн ажил юу байна вэ?

- Хэрвээ санхүүжилт зогсчихвол ямар ч арга байхгүй. Гэхдээ сайн дураараа тэнэмэл амьдралаа орхиж, гэрэл гэгээт амьдралыг хүсэж байгаа хүмүүсийг санхүүжилт байхгүй гээд шууд гудамжинд буцаагаад гаргана гэдэг бол утгагүй. ТББ-ууд маань эдгээр  хүмүүсээ ажилтай болгож, хөдөлмөр эрхлүүлээд амжиргааны эх үүсвэртэй болгох ажилд түлхүү анхаарч байгаа.

Бидэнтэй хамтарч ажиллая гэсэн төрийн бус байгууллага болон аж ахуйн нэгж, байгууллага хувь хүмүүс ч хандаад байгаа. Бүр тодруулбал Хөдөөний малчин хүн эдгээр хүмүүсээс чинь мал дээрээ авъя аа. Цалинжуулаад малаа маллуулъя гэж хүртэл хандаж байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүсийг ажил хөдөлмөр эрхлүүлж, амьжиргааны эх үүсвэртэй болгох ажилд маань ирээдүй харагдаад байгаа юм.  Төсөл хөтөлбөрөө бид ямар нэгэн аргаар цааш үргэлжлүүлэх ёстой. Ерөнхийдөө эдгээр хүмүүсийг амьжиргааны эх үүсвэртэй болгоод энэ амьдралаас татаж гаргах ажлыг цогцоор нь хийх ёстой. Зүгээр л нэг хооллоод нэг хашаанд барьж хориод байх бол бидний зорилго биш.

Нислэлийн цагдаагийн газраас зохион байгуулж байгаа энэхүү ажил бол үндсэндээ шинэ өмнө нь ингэж зохион байгуулагдаж байгаагүй ажил юм. Тиймээс алдаа, онооны  ч гарч болох юм. Алдаа оноо дөрвөн сарын дараа дүгнэгдэнэ. Бид эндээс бас туршлагажина. Бидний туршлага дээр түшиглэн нийгмийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд энэ ажлыг цааш нь төсөл хөтөлбөр боловсруулан өргөжүүлэн хийх байхаа.

Өнөөдөр энэхүү ажлыг өнгөцхөн харсан нэгэнд бидний хийгээд байгаа энэ ажил цагдаагийн байгууллагын ажил биш мэт санагдаж болох хэдий ч өргөн утгаар нь  гүн гүнзгий нухацтай авч үзвэл иргэд олон нийтийн аюулгүй эрсдэлгүй орчныг бүрдүүлэхэд тодорхой нөлөө үзүүлэхүйц урьдчилан сэргийлэх ажлын нэг хэсэг юм.

Цагдаагийн байгууллага бол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс уг ажлыг зохион байгуулаад байгаа юм. Орон гэргүй, траншейны, тэнэмэл, хог түүж амьжиргаагаа залгуулдаг хүмүүс гудамж талбайд явж байгаа иргэдийг дээрэмдлээ, зодлоо цохилоо гэсэн янз бүрийн ниймгийн сөрөг үзэгдлүүд гараад байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс бид дээрх арга хэмжээг авч ажиллаж байна. Нэг үгээл хэлбэл бид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж  байгаа юм. Гэтэл бидний урьдчилсан сэргийлэх энэ ажил маань нийгмийн халамж үйлчилгээнд чиглэсэн ажил болж хувираад байгаа. Цогцоор явуулна гэвэл мэргэжлийн байгууллага нь өргөжүүлээд цааш аваад явах ёстой байх.

Би дээр хэлсэн эдгээр хүмүүсийг зүгээр хооллоод тэжээгээд байж болохгүй. 21 мянган төгрөгийн түүх байна ш дээ. Төр засгаас өгөөд л байсан. Энэ мөнгөө үр дүнтэй зарцуулсан нь хэд вэ, архи уусан нь хэд вэ?. Зүв зүгээр тараагаад өгчихсөн 21 мянган төгрөгөөс болж, архи ууж, гэмт хэрэгт холбогдсон нь хэд байна. Гэмт хэрэг зөрчилд өртсөн нь хэд вэ гэвэл нэг тоо гарна даа.

Төлөвлөгөө, тооцоогүйгээр ямар ч ажлыг хийдэггүй шиг  түүнээс үүсэж бий болох, гарч болох эрсдэл, үр дүнг нь  аль алийг нь тооцож байх учиртай. Аливаа амжилт, ялалтын хажууд эрсдэл бүтэлгүйтэл байж л байдаг. Бидний ажилд аль аль нь байхыг үгүйсгэхгүй.  Өнөөдрийн бидний цуглуулсан хүнээс 4-5 нь оргож, бусгаад явчихлаа л гэж байна. Үүнийгээ байг гэхэд энд баймааргүй байна. Би урьдын амьдралдаа буцмаар байна гэж байна. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр эдгээр хүмүүсийн ходоод, бие махбодитой нь ажиллахаасаа илүү сэтгэл зүйтэй нь ажиллах ёстой.

Бид урт хугацааны сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагуудтай гэрээ байгаалан хамтарч ажиллаж эхэлж байна. Дөрвөн сарын хугацаанд эдгээр хүмүүст сэтгэл зүйн зөвлөгөө, сургалтууд явуулна. Тэгэхээр эдгээр хүмүүсийг шууд архинаас гаргах гэж тариа тарихгүй, ямар нэгэн зүйлд санал хүсэлтийг нь авахгүйгээр хүчээр асуудлыг шийдэхгүй, ташуурдахгүй. Бүхий л зүйлд нь сайн дураар нь оролцуулж ойлгуулна. Ямар ч байсан хэдхэн хоногийн дотор сайн үр дүн харагдаж байгаа юм чинь дөрвөн сарын дараа гэхэд ихэнх хүмүүс нь ажилтай болчих байх гэж найдаж байна.

Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд байршиж байгаа хүмүүсийн маань таньж, мэддэг, ойр тойронд нь байсан хүмүүс ажил хөдөлмөр эрхлүүлж, хоолтой орон гэртэй байлгаж байгаа сургаар сайн дураараа ирж энэ төсөлд хамруулж өгөөч байршиж хүн шиг амьдармаар байна гэсэн саналыг тавьсаар байгаа. Гэтэл бид төслийн санхүүжилтэндээ баригдаад ирсэн хүмүүсийг тэр бүр аваад байх боломж одоогоор алга байна. "Эгэл амьдралын мөр" ТББ-д л гэхэд дөрвөн хүн шинээр нэмэгдэж ирээд байгаа. Бас тэнд байршиж байсан 2 хүний нэг нь эхнэрээ, нөгөө нь насанд хүрсэн хүүгээ дэргэдээ авчирсан хамт байж байгаа. Энэ бол жижигхэн ч гэсэн нааштай үр дүн юм. Хэрвээ тэдгээр хүмүүст ТББ-дын үйл ажиллагаа болон бидний барьж өгсөн гэрт байрлах нь  таалагдахгүй байсан бол зугатаж, бусад хүмүүст дэмий юм байна гэдгийг хэлэх байсан. Харин бүр таньдаг ойр дотны, нэг хүрээний хүмүүсээ татаж, дагуулж ирээд байна. Тиймээс л бид энэ хөтөлбөрийг цааш үргэлжлүүлээд аваад явчих, тодорхой үр дүнд хүрэх гэрэл гэгээ харагдаад байгаа юм.

Нийслэлийн зүгээс бидний энэ ажлыг дэмжиж байгаа. Бид хөтөлбөрөө цааш үргэлжлүүвэл гэр бүлээрээ тэнэмэл амьдралаар амьдарч байгаа хүмүүсийг авч амьжиргааны үүсвэртэй болгоно. Хүмүүс маань нэгэнт траншейны амьдралаас гараад ажил хөдөлмөртөй болоод, хамт олонтой болчихож байгаа юм чинь бие дааж амьдрахыг хүсэж болно. Холбогдох газруудтай нь ярьж байгаад орон гэртэй болгох, нэг ёсондоо тусад нь гаргах ажлыг зохион байгуулна гэж төлөвлөж байгаа. Ер нь бол төсөл хөтөлбөрөө үргэлжлүүлэх санхүүгийн асуудал нь шийдэгдвэл төлөвлөсөн ажил их бий.

 

-Санхүүжилт нь удаашрах тохиолдол бий юу?

-Тийм асуудал бол байхгүй. Яг цаг хугацаандаа санхүүжилтийг нь шийдвэрлэж өгч байгаа.

 

-Ажил хийж байгаа хүмүүсийг хэрхэн цалинжуулж байгаа вэ? Мэргэжлийн боловсон хүчин биш, тэнэмэл амралтай хүмүүс учир зардал багатай ажиллах хүчин гэдэг утгаар нь хандаад байгаа юм биш байгаа?

-Бидний үйл ажиллагаа эхлээд удаагүй байна. Мөн эхний хүмүүс маань ажилд ороод  10 гаруй л хонож байгаа юм.  Одоогоор цалин хөлсний талаар тийм, ийм гээд тодорхой ярих  зүйл байхгүй. Яг үнэндээ бол хамтран ажиллаж байгаа төрийн бус байгууллагууд маань хүмүүсээ ажилтай болгохын танил тал найз нөхдөөрөө дамжуулан гуйлгын журмаар ажилд оруулж байна. Тийм болохоор эдгээр хүмүүсээ эхний ээлжинд ажлын дадлага, туршлагатай болгох хэрэгтэй байна. Юун түрүүнд хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм мэддэг болгох хэрэгтэй юм л даа. Ямартай ч бид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өг, тэдээр, эдээг цалинжуул гэсэн хатуу зарчим баримталмааргүй байна. Хөдөлмөрт дадлагажуулж, хийсэн хөдөлмөрт нь тохируулаад хөдөлмөрийг нь үнэлж хөлс олгоно.

 

-Ажил хийгээгүй хүмүүсийг мэргэжлийн чиг баримжаа олгох дамжаанд сургаж байгаа юу?

-Мэргэжлийн чиг баримжаа олгох дамжаанд сургана. Одоогоор энэ ажил эхлээгүй бэлтгэл шатандаа явж байна. Учир нь энэ хүмүүс ихэнх нь шууд амьдралд хөл тавихад хэцүү. Ямар нэгэн суурь өвчтэй хүмүүс их байна. Тиймээс эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж эмчийн дүгнэлт гарсан хүмүүсээ эхний ээлжинд  эмчилүүлж байна. Гэхдээ эдгээр хүмүүс дотор  сийлбэрч, тогооч, цахилгаанчин, багш, инженер  бүх л төрөл мэргэжлийн хүмүүс байгааг бид анзаарч анхааралдаа авч байгаа. Тиймээс эдгээр хүмүүсийнхээ мэддэг чаддаг байсан зүйлийг нь сэргээж сануулах тэр чиглэлээр нь сургаж дадлагажуулах дамжаа сургалтанд хамруулахыг төлөвлөж байгаа. Өнөөдрийн байдлаар нэг залуу тогоочийн ажлаа хийгээд эхний 15 хоногийн цалингаа аваад байна.

Гэр орон барьж өгч, байршуулж байгаагын гол зорилго, ажил хөдөлмөр эрхлүүлэх, тиймээс  мэргэжлийн чиг баримтжаа олгох сургалтад хамруулаад, ажилд оруулж, амьжиргааны эх үүсвэртэй золгуулах юм. Хамт олон дотор орж, цалин мөнгөтэй болохоор гудамжаар тэнэхгүй, хог түүхгүй, гэмт хэрэг зөрчил үйлдэхгүй. Гэр орон, ажил, мөнгө байна. Өөр хүнд юу хэрэгтэй юм бэ? Нийгэм, хүмүүсийн дунд байдаг нийтлэг ойлголт бол эдгээр хүмүүсийг хүн-хог мэт үздэг явдал юм. Үнэндээ ч эдгээр хүмүүсийн амьдрал үнэхээр хэцүү шүү дэ.

Гэхдээ эдгээр хүмүүст хэн нэгэн анхаарлаа хандуулж, хэрхэн яаж энэ хүмүүсийн нийгмийн амьдрал амь амжиргааны асуудлыг шийдэх гарцыг олохыг эрмэлзэж, санал санаачлага гаргахгүй л бол энэ байдал үргэлжилсээр, халтар царай, хиртэй хувцастай хог түүсэн, архиндаа хөлчүүрхэж гудамжаар алхах хэн нэгнийг доромжлон нулимагсад нэмэгдсээр л байх болно. Одоо л засаж залруулж авахгүй бол оройтно гэж бодож байна.

 

 - Нийгмийн зарим нэг хэсэг нь Колони байгуулаад тэмнэмэл хүмүүсийг байршуулаад албадан хөдөлмөр эрхлүүлэх хэрэгтэй гэдэг. Тэгэхгүй бол тэнэмэл иргэд олширч, нийгэмд сөрөг үзэгдлүүд улам бүр л нэмэгдэнэ гэдэг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

- Эрх чөлөөт иргэн хүнийг хүчээр хөдөлмөрлүүлнэ гэдэг бол байж боломжгүй асуудал.  Яагаад бид сайн дураараа ирсэн, сайн дураараа буцсан гэж яриад байгаа вэ гэхээр хүний эрхийн асуудал энд хөндөгдөөд байна. МУ-ын Үндсэн хуульд заасан хүний эрх бол номер нэг байх ёстой.

 

Яагаад бид эдгээр хүмүүсийг өөрсдийнх нь сонирхолын нь дагуу, мэргэжлийнх нь дагуу ажиллуулахыг зориод байгаа вэ гэхээр бас л эрхийг нь хүндэтгэснийх. Ямар ч байсан өнөөдөр мөнгөтэй бол амьжиргааны эх үүсвэртэй бол чи хог шүүрд гэхээсээ илүү тухайн хүн ямар ажил хийж чадах вэ, ямар мэргэжилтэй хүн байсан бэ гэдгийг нь судалж үзээд дуртай хийж чадах ажлыг нь хийлгэнэ гэдэг тухайн хүний эрхийг нь хүндэтгэж хандаж байгаагаас гадна дуртай зүйлээ хийж байгаа хүн хэзээ ч сэтгэл урваж элдэв муу бодол агуулахгүй гэсэн үг. Энэ асуудлыг хүчээр шийдээд, колони байгуулаад хүчээр ажиллуулаад тортой хашаанд байлгаад, бөөнөөр нь ачиж аваачиж  л ажил хийлгээд л буцааж авчирна гэсэн асуудал огт байж болохгүй. Хэрвээ ингэвэл тэрнийг дагаад сөрөг зүйл ихээхэн гарна. Тэд хүн л юм чинь эсэргүүцнэ, оргоно зугтана, гэмт хэрэг үйлдэнэ тэр чинээгээр асуудал хурцдана. Тухайн хүн хэн байх нь хамаагүй, хүний эрхийг нэн тэргүүнд хүндэтгэх ёстой.

 

Тэнэмэл амьдралаар амьдарч байгаа, орон гэргүй хүмүүс өнөөдөр эрхээ эдэлж чадахгүй байгаа учраас эрхийг нь хангуулахын төлөө тэдний амь нас эрүүл мэндийг хамгаалахын төлөө энэ арга хэмжээг зохион байгуулаад байна. Хүчээр хуарагнуулж, албадан хөдөлмөр эрхлүүлнэ гэхээсээ илүү Хотхон байгуулж болж байна. Тэнд нь арван жилийн албан бус сургалттай сургууль, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалттай, түүнийгээ түшиглэсэн жижиг дунд үйлдвэрлэлтэй байхад болохгүй гэх газаргүй юм. Иймэрхүү цогц арга хэмжээ авч, эдгээр хүмүүсийнхээ сэтгэхүйд нь нөлөөлж байж зах зээлд хоолтой, орох оронтой байлгана. Бэлэн юм харж, идэж ууж, юу ч хийхгүй өдөр хоногийг өнгөрүүлж байгаа хүн өнөөдөр тэнэмээр, архи уумаар, болохгүй бүтэхгүй зүйлийг сэдэж санаачлах болно. Тийм сэтгэхүй, бодол төрүүлэхээргүй завгүй байлгах ёстой гэж бодож байна. Бидэнтэй хамтран ажиллаж байгаа төрийн бус байгууллагууд их санал санаачлагатай ажиллаж байгаа. Үүний нэг тод жишээ гэвэл бидний байршуулсан хүмүүст зориулан блокны жижиг үйлдвэр ажиллуулахаар, эдгээр хүмүүсээр хүнсний ногоо тариулахаар бэлтгэл ажлуудыг хийж байгаа нь их сайшаалтай юм.

 

Аливаа ажлын үр дүн олны сэтгэл зүтгэлээс ихээхэн шалтгаалдаг тул сэтгэл гаргаж хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа эдгээр хүмүүсийн ажил амжилттай болно гэдэгт итгэлтэй байна.

 

Төгсгөлд нь хэлэхэд хэн нэгэнд халуун гараа сунгасан бол гараас нь чанга атгаж хэзээ ч замын дундаас буцахгүй байх нь чухал гэж бодож байна. Тиймээс бид ч гэсэн бидэнд итгэж амьдралаа өөрчилж гэрэл гэгээ өөд тэмүүлж байгаа эдгээр хүмүүст сэтгэлийн дэм өгч цөөхөн ч болов хүмүүсийн амьдралд эргэлт өөрчлөлтийг өгч чадвал бидний ажлын үр тэр байх болно.

 

Н.Чинзориг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

49.0.174.1 төсөл : бизнес төслийн сд худ***даанд гарлаа. сд жишээ төслүүдтэй ба төсөл санхүүжүүлэгч байгууллагууд болон төслийн бэлэн загвартай. худ***да*** цэгүүд билэг номын дэлгүүр, интер номын дэлгүүр, улсын их дэлгүүрийн номын дэлгүүр. утас 70114140, 99084140
49.0.174.1 төсөл : ждү-н бизнес төсөл мэргэжлийн түвшинд боловсруулна. та ямарч төрлийн төсөл бичүүлж болохоос гадна , төсөлөө мэргэжлийн түвшинд бичиж сурмаар байв*** манай цогц сург***танд хамрагдаарай. нэмэлт мэдээллийг утас 70114140, 99084140
202.179.20.1 зочин : эрхээс гадна үүргий нь сайн ухамсарлуулах хэрэгтэй юм л бол эрх гэж дөвийлгөж давраагаад байх хэрэггүй
182.160.25.1 зочин : ёстой шинэ цагийн цагдаа байна, баяр хүргэе. хуучны цагдаа нар хүний эрх ярьдаг яасан эд вэ гээд ..... доромжлодог байлаа...
103.11.194.1 зулаа : нийслэлийн цагдаагийн газраас их зөв зүйл зохион байгуулж байгаа юм билээ. энэ хүмүүс чинь адилхан л монгол хүн ш дээ. түшээд тулаад авб*** зөв замдаа орох хүн олон бий шүү.
НИЙГЭМ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА